Боршоо боомтын өргөтгөл шинэчлэлийн барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 27,2 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр "Боршоо" боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх төслийн бүтээн байгуулалтын ажлын шавыг өнөөдөр тавилаа. Боршоо хилийн шалган нэвтрүүлэх боомт нь Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрт Хандгайт голын сав газрын урд байрладаг. Тус боомтоор өдөрт 80-120 тээврийн хэрэгсэл, 250-350 иргэн дамжин өнгөрдөг бөгөөд амралтын өдөр 450 орчим хүн нэвтэрдэг байна. Боршоо боомт нь мянганы замын Боршоо-Ярант чиглэлийн босоо тэнхлэгийн замын дагуу байрлалтай. Цаашид ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын Шинжаан Уйгарын худалдаа, аялал жуучлалын томоохон коридор үүсэх бүрэн боломжтой боомт юм.

8K4A4333.jpg

Боомтын зорчигч тээврийн хэсэгт 21 ширхэг барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, зорчигч тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологи бүхий гарцуудыг шинээр ашиглалтад оруулна. Зорчигч тээврийн цогцолборт хүлээлгийн болон үйлчилгээний танхимуулыг цогцоор нь байгуулж зорчигчдын ая тухтай орчиныг бий болгохоос гадна хилийн хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууцыг барьж эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх юм.

8K4A4223.jpg

Мөн энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Боршоо боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4,8 дахин, ачааны автомашины тоо 3 дахин, суудлын автомашины тоо 6,7 дахин нэмэгдэж иргэд, аж ахуй нэгжид түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх боломж нөхцөл бүрдэн цаашлаад гадаад худалдааны эргэлт мөн хэмжээгээр нэмэгдэнэ.

8K4A4183.jpg